/ Ц. Алимаа

Харилцагч хариуцсан захирал

alimaa.ts@vmlyr.com
+97670111357

Алимаа анх 2006 онд М-Си-Эс Холдинг ХХК-ийн судалгааны албанаас ажлын гараагаа эхлүүлжээ. Судлаачаар ажилласан гурван жилийн хугацаанд тэрээр хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлдөг олон хүчин зүйлсийн уялдаа холбоог таньж, зах зээлээ илүү өргөнөөр харж эхэлсэн гэж дурсдаг.

Хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд өөрийгөө ч хөгжүүлэх хэрэгтэй гэдгээ ойлгосон Алимаагийн дараагийн аялал Англи улсын нийслэл Лондон хот байв. Европт өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд тэрээр Бизнесийн удирдлагын магистрын зэрэг амжилттай хамгаалаад эх орондоо ирж, хамт олонтойгоо эргэн нэгдэж креатив албаны харилцагч хариуцсан менежерээр ажиллах болсон.

Тэрээр өөрийн ажлын онцлогийг “Харилцагчдынхаа хүсэл, шаардлагыг арт багтаа ойлгуулан, эргээд арт багийнхаа хийсэн бүтээлч ажлыг харилцагчдад танилцуулан батлуулах нь багагүй мэдрэмж шаарддаг ажил” гэсэн бол албаныхаа тухай “Бид харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндүүдийг судлан хэрэглэгчидтэй нь ойртуулах бүтээлч арга замыг хайн хөгжүүлсээр цогц брэндийг бий болгох зорилгодоо өдөр бүр бага багаар ойртсоор байгаа” гэж итгэлтэйгээр хэлэх дуртай.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд тэрээр өөрийгөө туршлагажиж байгаа гэхээсээ илүү нийгмээсээ, зах зээлээсээ, харилцагчдаасаа, хамт олноосоо суралцсаар байгаа гэж ярьдаг. Түүний удирдан ажилласан төсөл хөтөлбөрүүд бүгд л манай компанийн бахархал болсон ажлууд байдаг. Бидэнтэй ажилласан энэ бүх хугацаанд түүнд ажиллаж үзээгүй бизнесийн салбар бараг байхгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, жижиглэн худалдаа, банк санхүү, уул уурхайгаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн олон зуун төслийн ард үргэлж бат зогсдогт бид талархдаг.