/ О. Хантүшиг

Видео эвлүүлэгч

Хүнсний технологич мэргэжилтэй ч 2012 онд анх оюутны амралтаараа “Үргээлэг” кинонд туслахаар ажиллаж, кино урлагийн салбарт дурласан залуу. Тус кинонд өдөр шөнөгүй ажиллаж байсан түүнд киноны талаар ямар ч  ойлголт байгаагүй ч энэ ажилдаа өөрийн эрхгүй татагдсан гэдэг. Багаасаа компьютер тоглоомын хорхойтон байсан тэрээр кино багийн гишүүдийг ажигласаар эвлүүлэгчийн ажил өөрт нь тохирхыг анзаарсан байна. Ингээд эргэлт буцалтгүйгээр суралцахаар эвлүүлэгч болохоор шийджээ.  Гэхдээ тэр одоо ч гурван хүүхэддээ хоол хийж өгөх дуртай, магадгүй хүнсний технологич мэргэжлээ хобби болгож, видео эвлүүлгийн хоббигоо мэргэжил болгосонтой холбоотой байх. Ханаа маань Үргээлэг киноноос хойш бүрэн хэмжээний  7, богино хэмжээний 6 киноны багт орж ажилласан. Түүний ажилласан  кино бүр тухайн үеийнхээ хамгийн их үзэгчтэй, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уран бүтээлүүд байдаг юм.

Ингээд 2019 онд Хантүшиг манай багийн нэгэн гишүүн болж зар сурталчилгааны салбарын хаалгыг татсан түүхтэй. Богинохон ч гэсэн энэ хугацаанд тэрээр  дэлхийд алдартай Samsung брэндээс эхлээд дотоодын шилдэг компаниудын зар сурталчилгааны ажлууд дээр ажиллаж, гарамгүй туршлагажаад ирсэн .

Энд ажиллаж эхэлсэн эхний өдрөөс л компанидаа дурласан гэдэг түүнээс чухам юунд хамгийн их сэтгэл нь татагдсан бэ гэж асуухад “баг хамт олон, ажлын орчин, өдөр бүр шинийг сурах боломж” гэж хариулав. Киног багийн бүтээл гэж үздэг бөгөөд зар сурталчилгааны ертөнцөд ч гэсэн багийн ажиллагаа хамгийн чухал гэдгийг ойлгосон түүний хувьд зөвхөн видео эвлүүлэг хийхээс гадна ажлын болон хувийн сонирхлоо даган янз бүрийн шинэлэг зүйлийг турших дуртай. Хамгийн сүүлд тэрээр “ЦахимЗолголт” кампанит ажлын Facebook, Instagram-д зориулсан ‘AR filter’-ийг багийн дизайнер, арт директоруудтай хамтран амжилттай гүйцэтгэсэн юм.