/ Та үүнийг мэдэх үү?

2015 онд дэлхийн хамгийн алдартай брэндийн нэг Кока-Кола өөрсдийн тухай үнэн зөв мэдээллийг бүтээлч, сонирхолтой байдлаар олон нийтэд танилцуулах танин мэдэхүйн кампанит ажлыг манай агентлагтай хамтран хэрэгжүүлэх санал тавьснаар бидний хамгийн хайртай ажлуудын нэг болох “Та үүнийг мэдэх үү?” кампанит ажлын төлөвлөлт эхэлсэн юм.

Нийт зургаан сарыг зарцуулж гурван сарын хугацаатай хэрэгжсэн энэхүү кампанит ажлын дэлгэрэнгүй танилцуулгыг хүлээж авна уу.

Асуудал:

Тухайн үед хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар Кока-кола бүтээгдэхүүний талаар ташаа ойлголтууд их байгаа нь батлагдсан. Тухайлбал хэт таргалалт, донтолт, болон бүтээгдэхүүний найрлагын тухай болон ундааны хийжүүлэлтийг байгалийн хийн түлшээр хийдэг гэх ташаа мэдээллүүд маш их байв. Хэрэглэгчид эдгээр мэдээллүүдийг баталгаагүй эх сурвалж бүхий олон нийтийн сүлжээ, дам яриа зэргээс авдаг байв. Тиймээс бид баталгаатай эх сурвалжаас авсан үнэн зөв, эерэг мэдээллийг сонирхолтой байдлаар олон нийтэд хүргэх зорилт тавьсан юм.

Шийдэл:

Энэхүү танин мэдэхүйн кампанит ажлыг бид Кока-кола бүтээгдэхүүн шилэн савлагаатай болсны 100 жилийн ойг тохиолдуулан эхлүүлэхээр төлөвлөв. Ингэхдээ бүтээгдэхүүний орц найрлага, брэндтэй холбоотой сонирхолтой мэдээлэл болон брэндийн түүхийг өгүүлэх гэсэн гурван төрлийн мэдээллийг цувралаар боловсруулан хүргэсэн юм. Сурталчилгааны сувгийн хувьд бид ташаа мэдээлэл тархсан голомт болох цахим сүлжээнд эерэг, зөв мэдээлэл сөргүүлэн тавих стратеги сонгон нийт 26 цуврал зурагт хуудсыг түгээсэн.

Үр дүн:

Нийт гурван сарын турш хэрэгжсэн энэхүү кампанит ажил нь давхардсан тоогоор 1 сая гаруй хүнд хүрсэн бөгөөд тухайн үеийн олон нийтийн сүлжээнд хамгийн олон дагагчтай 20 гаруй олны танил хүмүүс “Та үүнийг мэдэх үү?” кампанит ажлыг дэмжин оролцсон байна.